Зүгээр л бичье : Аав ээжийн тухай шүлгүүд
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Аав ээжийн тухай шүлгүүд

38 тай аав

38-тай аавын минь
Амьд сэрүүн зүрх шиг
Гуниг баяраар дэргэд нь
Амсаж өссөн голомт минь

Тунаж хөхрөх утааны
Үнэр нь нэг л өөр
Тулган доороос илээсэн
Үнс нь хүртэл ондоо

Жаахан тэр л бууцан дээр
Жаргалаан орхиж, зовлонгоо үүрээд
Эрчилгүй холын замд би
Энэ л бие ганцаар гарч ирлээ

Орон гэртээ хомсхон
Хоол нь нэг л амттай
Ахдаа шоглуулж уйлсан
Нулимс хүртэл аятайхан

Бурхан бага насны минь
Буурал ганцхан диваажин
Будант талын дундаа
Бууц минь тэр л байна


Б. Эрдэнэсолонго : Ээжээ санана

Ээжээ санана
Ээж ээ , таныг санана
Хавар болохоор санана
Шүд өвдөхөд санана
Өвс ургахад санана
Муу хэлүүлэхэд санана
Муу явахад санана
Сайн явахад санана
Сайнаар хэлүүлэхэд санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана
Гөлөг харахаар санана
Шувуу нисэхээр сананаҮдэш болохоор санана
Зүүд зүүдлэхээр санана
Зүг зүг рүү харахаар санана
Нар гарахаар санана
Сар гарахаар бас санана
Сар гарахгүй байсан ч санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана
Хол явахаар санана
Даарахад санана
Дандаа санана …
Гадаа гудамжинд санана
Ганцаардахад санана
Уур хүрэхээр санана
Нойр хүрэхээр санана
Уйлаад санана …
Намар санана
Зун санана
Насаараа санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана


Ээждээ

Ээжээ та миний хайртай наран
Элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан
Буян гуйж хичнээн ч удаа сөгдөн мөргөвч
Бурханаас ч илүүтэй таныгаа л би шүтдэг шүү

Тэртээ уулын орой цайвалзан дайвалзан бөхийх шиг
Тэргүүнд тань хяруу унаж насыг тань орчлон элээнэ
Тэрлэг тань томдож өөрөө та жижгэрсээр
Тэгсэн ч таны минь хайр ер дундрахгүй

Дандаа ээжийгээ баярлуулж явна даа гэж боддог хэрнээ
Даанч их зовлонг асуулгүйгээр танд би авчирдаг
Давилуун, дэврүүн миний цагаан лайнд
Даль жигүүр ургатлаа л та баярладаг

Ганцаардаж гутрах болгонд тандаа л үнсүүлж тайтгардаг
Газарт хөл хүрэхгүй баярлахдаа тандаа л дуулгах гэж онгирдог
Яаж ч аягласан намайг тэр чигээр нь хүлээж авах
Яруухан урсгалтай гол ертөнцөд ганцхан та юм шүү

Хайр тань надад сайхан сэтгэл болж ууссан
Халамжаар тань би ертөнц урлаж гундахгүй амьдарна
Дэлхийгээр дүүрэн сайхан бүсгүйчүүд инээмсэглэн байдаг ч
Дэндүү сайхан таныг минь гүйцэх нь даанч алга даа

Миний аав

Тэнгэр нурмаар дориун

Тавхан үг хэлэх

Тэгсэн атлаа дотогшоо уйлж суух

Миний аав

Сэрдхийн дальдарч цочмоор

Нэг л харах

Гэсэн ч дотроо нурж  өтлөх

Миний аав

Халамцуухан нулимс унагах

Хайр нь урсаж илрэх

Хачин уяхан хүн

Миний аав


Насандаа баймгүй намба дөлгөөн ааш таных
Найргийн мөрөнд үлдээмээр намуун яриа бас таных
Дотно, дулаан, илч цацраах сэтгэлийн хайлан та
Догдлох хүслийг бадраах хүний хайлан та


Ааваа үгүйлнэ


Айлын заяанд уул шиг өмөг

Алагхан үрсдээ үүрдийн домог

Аав минь би сайхан таныхаа

Асрал хайрыг үгүйлэх юм

Таныгаа тал шиг тэнүүн гээд

Таана шиг сургаалыг тань амтлах сан Өөртөө итгэж амьдрахын заяанд

Өмөг тань дандаа үгүйлэгдэх юм

Хурмаст шиг таныгаа уудам гээд

Хур шиг сургаалыг тань хүртэх сэн

 Эрээнтэй амьдралын бартаат замд

Эцгийн минь түшиг үгүйлэгдэх юм

Амьдралд ойртож ухаажих бүр

Аавын минь зай эзгүйрэх юм

Алслан холдох таны минь дүр

Ахиад л тодроод ирэх шиг болох юм

Зүүрмэглэх төдий бяцхан агшинд

Зүүдэлж тантай ярих юм

Зүйдэлгүй тэнгэрт одтой шөнөөр

 Зөнд минь та ирж үнсэх шиг болох юм

Намхан бор гэрт минь гэгээ хурах үүлээр

Нэрээр минь дуудан сэрээх шиг болох юм

Нас нэмэгдэж жил улирах бүр

Надтайгаа та ирж золгох шиг болох юм

Хойших ирээдүйгээ бодож амьдралд дөхөх бүр

Хайр энэрэл сургаал бүхнийг тань үгүйлэх юм

Хатуухан хорвоод гомдож нулимс унагах бүр

Хан уул шиг та минь зүрхэнд мөнхрөх юм

 Ижийтэйгээ байхад би баян байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Уул уулын орой уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггүй шиг
Yнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье

Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан

Ижийнхээ ачийг яалаа даа

Билүүтэй уулынхаа овоонд
Чулуу ганцыг нэмлүү дээ
Биеэ хувааж төрүүлсэн
Ижиинхээ ачийг ч яалаа даа
Алтан гандиртай талдаа
Ойрдоо би очлуу даа
Амиа хувааж төрүүлсэн
Ижийнхээ ачийг ч яалаа даа
Уйлах шиг мэлтгэнэх усандаа
Өссөн биеэ харлуу даа
Ухаанаа асгаж ургуулсан
Ижийнхээ ачийг ч яалаа даа..
Wednesday, February 18, 2009 5:01 PM
Навчисийн дэлбээнд бороон дусал унахад
Намайг л гэдэг ижийгээ санана
Бүүвэйн дуутай хүний хорвоод
Буцаад ирээч дэргэд минь

Цэцэгсийн дундаас саравчилж харагдах
Зүүдэн тэнгэр ээжийгээ
Цагийн урсгалаар санаад байна
Зүггүй хүүгээ уучилаарай

Хяруу нь мөнгөрөх намрын орой
Хүслийн алсад гуниг төрнө
Аргадахын эгшигтэй бодлын хорвоод
Ахиад ирээч хажууд минь

Эргээд ирэхийг чинь хүлээсээр өсөхдөө
Мөнхийн байдаггүй тавиланг ухаарлаа
Бодлын уяатай санахын хорвоод
Бурхан байж ээж минь
Б.Галсансүх : Ээждээ зориулсан шүлэг
Wednesday, February 18, 2009 4:58 PM

Үгээрээ залуурдаж үйлээрээ хөтөлсөн

Үггүй ойлгуулж харцаараа ухааруулсан

Сүүгээрээ тэжээж чадлаараа өсгөсөн

Совингоороо мэдэрч ерөөлөөрөө хамгаалсан

Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.

Зүрхээрээ шаналж зөвлөж дэмжсэн

Зүүдээрээ манаж зааж сургасан

Урмаар тэтгэж бурмаар шагнасан

Ухаанаар ялж итгэлээр зоригжуулсан

Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.

Нулимсаараа зэмлэж инээдээрээ баярлуулсан

Насаараа зовж араас минь санааширсан

Бүдрэхэд минь түшиж бухимдахад минь аргадсан

Буян хурааж бусдын төлөө насаа нэмсэн

Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Б.Амарсанаа : Миний бурхан - ээж минь билээ
Wednesday, February 18, 2009 4:53 PM
Хэвлийдээ бойжуулан намайгаа тээж
Хатуу хүтүү хорвоод сайхан амьдрал бэлэглэсэн
Цагаанхан сүүгээрээ тэтгэж хүн болгосон
Цайлган сэтгэлтэй бурхан минь та

Наран жаргаж бүрий орох болгонд
Наддаа санаа зовдог нь та билээ
Дөрвөн зүг найман зовхист олдохгүй
Дэндүү нандин эрдэнэ минь та билээ

Буруу зөвийг ялгаж хэлдэг
Буяант хүн маань та билээ
Хүүгийнхээ төлөө гэж амьдардаг
Хүн төрхт хувирсан бурхан та билээ

Ачийг чинь хариулан жаргаах нь
Миний амьдралын ганц зорилго
Алтан аяганаас ус уулгах нь
Мөрөөдөл биш биелэгдэх зүйл

Шүүдрийн туслаар цай чанаж өгнө ээжээ
Шүлэг дуундаа таныхаа тухай магтан дуулна
Ээжээ таньдаа хайртай шүү хүү чинь
Эргэх хорвоогийн хамаг баяр баясгалан та минь шүү
Ээж, аавдаа хайртай хүн бүхэнд зориулав..........
Thursday, February 05, 2009 1:04 PM

Youtube-ээс ээж, аавдаа хайртай хүн бүхэнд зориулав гэсэн энэхүү бичлэгийг үзээд их таалагдлаа.....

Аавын дээл
Thursday, February 05, 2009 12:32 PM
Даахитай байхад өлгий минь болсон
Дандаа л нөмөрч унтдаг байсан
Аргалын галд хормой нь цоносон
Аавын минь үнэр шингэсэн дээлээ

Эцгийн минь буян хурсан миний дээл
Эрийн цээнд хүрэх хүүгийн минь дээл
Дэгдэх насанд минь дээвэр шиг санагдсан
Дүүтэйгээ хоёулаа багтаж өссөн

Арын жавар хээрийн салхинд
Алтай шиг нөмөртэй аавын минь дээл
Даагатай наадамд гоёод мордсон
Даамай охид дагуулж ширтсэн

Атны хөлс нарны тоостой
Аавын минь үнэр шингэсэн дээл ээ
Алтайн саран
Thursday, February 05, 2009 12:34 PM
Шаазгай шиг шулганаж хэлд орсон
Шаазан хагартал исгэрч дуулж өссөн охин
Сар гудайтал сүргээн адуулж
Саалиндаа нялхарч царай нь гэрэлтсэн

Миний ээжий алтайн саран
Мянганы хол нутгийн минь чимэгээ
Мичидгудайтал шагалзаж тоглосон охид
Мишээх үүрээр саалиндаа гарсан бүсгүй

Надмын дээл аавдаа эсгэж
Найрын гоёлоо битүүхэн бэлдсэн
Үеийн шаавай охидтой
Жаавайг дуулж бүжиглэсэн

Цэргийн насны залуус
Сэтгэлээ орхиод мордсон
Харуул алтайн уулс дундаа
Харзын ус шиг мэлмэрч гунхсан

Хоймрын зайд ханхайх
Аавын минь цайг дээжилсэн
Хосоор жаргах амьдралын
Аянд үрээ бүүвэйлсэн

Эхийн ариун алдрыг хүртэж
Эрийн энгэр түшиж жаргасан
Миний ээжий алтайн саран
Мянганы хол нутгийн минь чимэгээ
Аав л ээжий хоёр минь
Thursday, February 05, 2009 12:29 PM
Харийн нутагт сургааль үг нь судар болсон
Харанхуй шөнө алтан гадас шиг зүгийг заасан
Үрээ морион үүрсэхэд хүүгээ санаж өндөлзсөн
Үйсэн цай нь даргилахад хүүдээ дээжлэн өргөсөн
Эцгийн минь заяа зуур хонохгүй зурайна
Ээжий минь цацал зүүдэлгүй тэнгэрт од ундаална
Будантай өдөр салхи болж үлээсэн
Будагта йорчлнд саар үйлээс нөмөрлөсөн
Сар сайхан мэлтийхэд сайныг бэлэгдэн зүүдэлсэн
Нар сайхан мандахад цайны дээжээ өргөсөн

Хүүгээ жаахан санахаар
Хүлээн авагчаа чангалаад л
Хүслтийн хариугаар дуулахаар нь
Хүрээд ирсэн юм шиг баярлаад л
Аав ээжий хоёр минь дээ

Эцгийн минь заяа зуур хонохгүй зурайна
Ээжий минь цацал зүүдэлгүй тэнгэрт од ундаална
Аавын хүрэн дээл
Thursday, February 05, 2009 12:28 PM

Хан буурал аав минь эзгүй ч гэлээ
Ханцуй урт хүрэн дээл нь эзэнтэй
Хавь ойр нутгийн хөгшчүүл яриа хөөрөө болж
Хараач, аавынхаа дээлийг өмчихөж, гэж магтана

Буянтай хүний дээл нь хүртэл үр хүүхдэд нь өвлөгдөж
Буцаад ирчихсэн юм шиг, аав нь дүрээрээ гэлцээд
Буурал сортой хүүтэй нь андуурах нь холгүй ярилцаж
Бузгай ам халчихсан хууч дэлгэх нь бахтай

Аавын хүрэн дээл элбэгдэн дах болохдоо
Алд биеийг дулаацуулах аавын илчтэй
Баринтагтай судар шиг хадгалдаг аавынхаа дээлийг
Баадангаас нь гаргахааяа хааяа өмсөх дуртай

Дээд тэнгэрийн хүн аавынхаа хүрэн дээлийг
Дээдэлж хайрладаг болохоор захыг нь уруу харуулдаггүй
Дэргэд аав минь байгаа юм шиг санагддаг учраас
Дэрэлж унтах дуртай, нойр бүтэн хонодог юм....
Ээжийн гарын цай
Thursday, February 05, 2009 12:28 PM

Уур баагин цай даргилна
Уух гэж бид яарна
Шар тос хөвсөн
Шар будаатай цай

Сүүл хөвсөн
Сүүтэй цай
Аяга дүүрэн мэлтэлзэнэ
Аавд ээж дээжийг нь барина

Дуртай цайгаа уусан бидний
Духны хөлс бурзайна

Бүрхэг өдрийн хийцтэй цайБүхий л биеийг дулаацуулна
Ээжийн гарын цай
Эм болж үйлчилнэ
Ундаассан манай гэрийнхэн
Уусан цайндаа тэнхээжинэ
Олонтойгоо явсан ээж
Thursday, February 05, 2009 12:27 PM

Айлын дүрсгүй хүүхэд хараал хэлбэл
Аманд нь давс хийнэ гэж хөөж л гүйцдэг
Айлуудын саалийн ямаа  хотноосоо захалбал
Алга болчихно гэж араас нь явж буцаадаг

Цайлган сэтгэлтэй сайхан ээжийгээ
Цаг мөч бүхэнд санаж л явна даа
Цаашилан одох он жилүүдийн араас
Цацлын шүлгээ өргөж л сууна даа

Сумын наадмын угалзан хээтэй майханг
Сууж босох зуураа оёж л харагддаг
Сумаас зарласан болзолт уралдаанд
Сугарч гаран шалгарч л байдаг

Алсын алсад явчихсэн эжийгээ
Агшин эгшин болгонд бодож л байна даа
Алаг үрсээ тээж түрүүлэн хүн болгосон
Ач гавъяаг нь эгнэгт мартах уу даа

Ээжийн гарын цайны амтанд орсон
Эмээ өвөө нар манайхаар хөлтэйсэн
Жаажаагийн хийсэн хорхой ааруул гэж
Жалга довын багачуул магтаал үгтэйсэн
Х

орвоод байхгүй болсон ээжийг минь
Хотол олноороо одоо ч дурсан ярьдаг даа
Холдон одсон он жилүүдийг наашлуулж
Хонгор хүүтэй нь үе үе уулзуулдаг даа...  
Ачит ээж минь
Thursday, February 05, 2009 12:26 PM
Алтан нартай зүйрлэхэд ач гавъяа нь багада
Ариун цагаан сүү шигээ цагаан сэтгэлтэй ээж минь
Араг тшиж төрүүлсэн зургаан хүү, ганц охнтой
Аргагүй л дархан бэр дээ ээж минь

Алаг үрсээ хүний дайтай хүн болгорх эж
Амрах нойроо харамлаагүй ээж минь
Ард олныхоо дунд мөр бүтэн яваг гэж
Арван хуруугаараа үйл мэтгэсэн ээж минь

Аль болох хүмүүст тус хүргэх л гэж
Амиа тавьж явдаг ачит ээж минь
Амттан бүхнээрээ бусдыг цайлж дайлсан
Амны хишигтэй өглөгийн эзэн ээж минь

Амттан бүхнээрээ бусдыг цайлж дайлсан
Амны хишигтэй өглөгийн эзэн ээж минь
Алиа сайхан ааль аашаараа
Айл сахалтынхандаа магтагдсан ээж минь

Аян жинд явсан аавын эзгүй хойуур
Ар талаа дааж үлдсэн ээж минь
Амьдралын нугачаанд сөхөрч сөгдөлгүй
Ажил, ажил гэж зүтгэсэн ээж минь

Ардын цэрэгт мордсон зургаан хөвгүүнээ
Арван найман жил хүлээсэн ээж минь
Аливааг дандаа гэрэл гэгээтэйгээр хардаг
Авралт бурхан дарь эх ээж минь

Ачлал хайр нь булаг шиг ундарсан
Ахиж бидэнд заяахгүй тэнгэр ээж минь
Ааваа дурсах дуу
Thursday, February 05, 2009 12:25 PM

Сарьдаг өндөр уулсын дундаа
Шавартын зуслан харагдаад байна уу да
Сансарт очсон аав таныгаа
Шаавай насандаа хайрласан ч бил үү дээ

Настан буурал аав минь та
Наддаа нэг л удаа ирдэг ч болоосой
Өндөр сүрлэг уулс ын дундаа
Өрхөтийн зуслан танигдаад байна уу даа

Тэнгэрт хальсан аав таныгаа
Тэрсхэн багадаа бодоогүй л байх юм даа
Хүнлэг сайхан аав минь та
Хүүдээ нэг л удаа ирдэг ч болоосой

Оргил сүмбэр уулсын дундаа
Овоотын зуслан үзэгдээд байна уу даа
Орхиод явсан аав таныгаа
Оломгүй сэтгэлдээ дурсаад л суух юм даа

Буянтай буурал аав минь та

Буцаад нэг л удаа ирдэг ч болоосой

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
nomin (зочин)

goe blog bn

anukaa (зочин)

goy shvleg bna dahiad oor zondoo olon shvleg tawiarai

anukaa (зочин)

goy blog bnaa

bymbadorj (зочин)

nice

herlen (зочин)

ystoi goy shvleg bn amjilt hvsiy

gantuya (зочин)

amidralin tuhai hunii setgegleliin tuhai gogo shulguud bn sn yruu nairagch bolooroi

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)